2 Самуел [24]

1 ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН
-Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав.
2 Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжин Иоабт
-Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүмүүсийг тоолж бүртгэн надад хүмүүсийн тоог мэдээл гэсэнд
3 Иоаб хаанд
-Таны Бурхан ЭЗЭН эдгээр ардуудыг одоогийнхоос зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв.
4 Гэсэн хэдий ч хаан Иоаб болон цэргийн удирдагчдыг ятгаж чадав. Ингээд Иоаб болон цэргийн удирдагчид Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов.
5 Тэгээд тэд Иордан голыг гатлан, Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун талд байдаг Ароерт буудаллав.
6 Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров.
7 Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотуудаар яван, тэндээс Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв.
8 Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирэв.
9 Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв.
10 Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд
-Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.
11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад бол Давидын үзмэрч байлаа.
12 -Явж, Давидад "ЭЗЭН зарлиг болж байна. Би чамд гурван зүйл өгөх болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго, тэгээд Би чамд үйлдэх болно" гэж хэлэгтүн гэв.
13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү өгүүлэв.
-Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд ямар хариу авч буцахыг надад хэлээрэй гэв.
14 Давид Гадад
-Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв.
15 Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл хүн ардаас далан мянгыг үхүүлэв.
16 Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон
-Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.
17 Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд
-Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.
18 Тэгээд тэр өдөр Гад Давид дээр ирж, түүнд
-Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгогтун гэв.
19 Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа.
20 Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв.
21 Тэгээд Аруна
-Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид
-Хүмүүсээс гай гамшгийг буцаан татуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв.
22 Аруна Давидад
-Эзэн хаантан минь, санаанд чинь нийцэх бүгдийг авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр байна. Түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг, мөн үхрийн буулга байна.
23 Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн барья гээд Аруна хаанд
-Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг хүлээн авах болтугай гэв.
24 Харин хаан Арунад
-Үгүй, би заавал үнээр нь чамаас худалдаж авна. Учир нь би үнийг нь төлөөгүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав.
25 Ингээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ засаж, шатаалт тахил болон эвийн тахилыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]