Езра [1]

1 Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан,
2 "Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. "Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.
3 Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн.
4 Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай"" гэв.
5 Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.
6 Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив.
7 Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв.
8 Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн сан сахигч Митредатын гараар гаргаж ирүүлэн, Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв.
9 Тэдгээрийн тоо нь гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга,
10 гучин алтан аяга, хоёрдугаар төрлийн дөрвөн зуун арван мөнгөн аяга болон нэг мянган бусад эд юмс байв.
11 Бүх алт, мөнгөн эд юмс нь таван мянга дөрвөн зуу байв. Энэ бүгдийг Шешбазар нь Вавилоноос Иерусалим уруу буцсан цөлөгдөгсөдтэй хамт аваачив.



[Өмнөх]                [Дараах]


Езра [1][2][3][4][5][6][7][8][9][10]