1 Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.
2 Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад
-Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.
3 Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр
-Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.
4 Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.
5 Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.
6 Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.
7 Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.
8 Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав.
9 Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.
10 Иудад ийнхүү яригдав.
-Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.
Гэсэн ч хог новш их байна.
Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй.
11 Бидний дайснууд
-Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн.
12 Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд
-Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд,
13 би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав.
14 Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв.
-Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!
15 Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав.
16 Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав.
17 Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв.
18 Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв.
19 Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст
-Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.
20 Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.
21 Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав.
22 Тэр үед би бас хүмүүст
-Хүн бүр зарцтайгаа хамт Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидний төлөө шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв.
23 Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, миний зарц нар ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ авч явдаг байв.
[Өмнөх] |                  | [Дараах] |