1 Белшазар хаан өөрийн мянган язгууртанд зориулан их найр хийж, мянган язгууртантай хамт дарс ууж байв.
2 Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав.
3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув.
4 Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.
5 Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Хаан бичиж байгаа гарын арыг харав.
6 Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.
7 Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан
-Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.
8 Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.
9 Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.
10 Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн,
-Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.
11 Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.
12 Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.
13 Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан
-Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү?
14 Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.
15 Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.
16 Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.
17 Тэгэхэд Даниел хаанд хариулан,
-Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье.
18 Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.
19 Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.
20 Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.
21 Тэрээр бас хүмүүсээс хөөгдөж, зүрх сэтгэл нь хээрийн араатных шиг болж, амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт болов. Тэрээр үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон бөгөөд Хамгийн Дээд Бурхан хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ л түүнийг захируулдгийг мэдтэлээ ингэж амьдарсан.
22 Гэвч түүний хүү Белшазар аа, та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрх сэтгэлээ даруу байлгасангүй.
23 Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.
24 Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ.
25 Бичигдсэн зүйл нь ийм байна. "Мене, мене, текел, уфарсин".
26 Түүний утга нь гэвэл: "Мене" гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.
27 "Текел" гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээнд хүрсэнгүй.
28 "Перес" гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.
29 Тэр үед Белшазар тушаал буулган, Даниелд нил ягаан өнгийн дээл өмсгөж, түүний хүзүүнд алтан гинж зүүлгэн, түүнийг хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдэлтэй болсныг тунхаглав.
30 Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.
31 Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |