1 Тэгээд би ийнхүү хэлэв.
"Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо!
Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?
2 Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан,
тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд
3 Миний ард түмний махыг идэж,
тэдний арьсыг нь хуулан,
тэдний ясыг нь хугалж,
тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг".
4 Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй.
Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна.
Учир нь тэд муу үйлс хийжээ.
5 Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа "Амар амгалан" гэж хариулдаг.
Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.
6 Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,
мэргэ төлөггүй харанхуй болно.
Нар эш үзүүлэгчид дээр шингэж,
өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.
7 Үзмэрчид гутамшиг болж,
мэргэчид ичих болно.
Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.
8 Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулд
би хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.
9 Шударга ёсыг жигшиж,
цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!
10 Та нар цус урсгалтаар Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг босгодог.
11 Түүний удирдагчид хахууль аван шүүж,
тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан,
эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг.
Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,
"ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү?
Бидэн дээр гай гамшиг буухгүй" гэж хэлдэг.
12 Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж,
Иерусалим нь сүйрлийн овоо болж,
сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |