Нахум [1]

1 Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.

2 ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм.
ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм.
ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг.
Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг.
3 ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа агуу.
ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй.
Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг бөгөөд
үүлс бол Түүний хөл доорх тоос юм.
4 Тэр далайг зэмлэж, хатаадаг.
Тэр бүх голыг хатаадаг юм.
Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.
5 Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог.
Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид,
дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
6 Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ?
Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ?
Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.
7 ЭЗЭН бол сайн.
Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог.
Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.
8 Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож,
Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.

9 Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн,
Тэр түүнийг чинь эцэс болгоно.
Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй.
10 Тэд орооцолдсон өргөс шиг,
өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд
гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.
11 ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн,
зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
12 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Тэд бүрэн хүчтэй, олон боловч,
тэд таслагдаж, өнгөрөн одох болно.
Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.
13 Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч,
дөнгөнүүдийг чинь таслах болно".

14 Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан.
"Чиний нэр цаашид дуурсагдахгүй.
Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна.
Би чиний булшийг бэлтгэнэ.
Учир нь чи жигшүүртэй юм".

15 Харагтун.
Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна.
Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл.
Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй.
Тэр бүрэн таслагдсан юм.



[Өмнөх]                [Дараах]



Нахум [1][2][3]