Эхлэл [17]

1 Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж
-Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
2 Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж,
Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.
3 Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд
4 -Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна.
Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.
5 Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир
Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.
6 Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.
7 Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.
8 Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.
9 Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,
-Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!
10 Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.
11 Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.
12 Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.
13 Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.
14 Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.
15 Бурхан Абрахамд
-Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ.
16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд
17 Абрахам нүүрээрээ газар унан, инээж,
-Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.
18 Абрахам Бурханд хандаж
-Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хүссэнд
19 Бурхан
-Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.
20 Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно.
21 Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.
22 Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.
23 Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ.
24 Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,
25 түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ.
26 Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.
27 Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.



[Өмнөх]                [Дараах]



Эхлэл [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50]