Эхлэл [2]

1 Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ.
2 Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ.
3 Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.
4 ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой.
5 ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ.
6 Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав.
7 ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.
8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ.
9 ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.
10 Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ.
11 Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө.
12 Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ.
13 Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө.
14 Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм.
15 ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав.
16 Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв.
-Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.
17 Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.
18 ЭЗЭН Бурхан
-Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.
19 ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ.
20 Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.
21 ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ.
22 ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.
23 Адам
-Энэ бол яснаас минь авсан яс,
Махнаас минь тасалсан мах бөгөөд
Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул
Эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ.
24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.
25 Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.



[Өмнөх]                [Дараах]



Эхлэл [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50]