2 Тэр эхэнд Бурхантай хамт байсан.
3 Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.
4 Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв.
5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
6 Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм.
7 Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ.
8 Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ.
9 Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
10 Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй.
11 Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.
12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.
13 Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
14 Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.
15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
-"Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан" гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ.
16 Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.
17 Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.
18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
19 Иоханаас "Та хэн бэ?" гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.
20 Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч
-Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ.
21 Тэд түүнээс
-Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр
-Би биш гэсэнд,
-Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр
-Үгүй гэлээ.
22 Тэгтэл тэд түүнд
-Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.
23 Иохан
-Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан "ЭЗЭНий замыг шулуун болгогтун" гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв.
24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа.
25 Тэд түүнээс
-Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
26 Иохан
-Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна.
27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв.
28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад
-Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
30 Энэ бол Түүний тухай "Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан" гэж миний хэлсэн Тэр мөн.
31 Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.
32 Иохан гэрчилж
-Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.
33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр "Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн" гэж надад айлдсан юм.
34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
35 Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа.
36 Есүсийн явж байхыг тэр хараад
-Бурханы Хургыг харагтун! гэсэнд
37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав.
38 Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс
-Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд
-Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.
39 Есүс тэдэнд
-Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.
40 Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.
41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
-Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,
42 түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд
-Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.
43 Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
-Намайг дага гэв.
44 Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ.
45 Филип Натанаелыг олоод
-Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд,
46 Натанаел түүнд
-Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип
-Ирж, хар л даа гэв.
47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
-Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав.
48 Натанаел Есүсээс
-Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр
-Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ.
49 Натанаел
-Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.
50 Есүс түүнд
-Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд,
51 Тэр
-Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иохан [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21]