Иохан [13]

1 Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.
2 Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа.
3 Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд,
4 зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв.
5 Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.
6 Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд
-Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв.
7 Есүс түүнд хариулан
-Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ.
8 Петр Түүнд
-Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс
-Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ.
9 Тэгтэл Симон Петр Түүнд
-Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв.
10 Есүс
-Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ.
11 Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул "Та нар бүгдээрээ цэвэр биш шүү" гэж айлджээ.
12 Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд
-Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу?
13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.
14 Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
15 Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм.
16 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм.
17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
18 Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь "Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв" гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.
19 Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед "Би байдаг" гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.
21 Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж
-Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.
22 Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв.
23 Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа.
24 Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж,
-Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв.
25 Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр
-Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд
26 Есүс
-Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ.
27 Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст
-Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ.
28 Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй.
29 Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд "Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав" эсвэл, "Ядууст ямар нэгэн юм өг" гэсэн байх гэж боджээ.
30 Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.
31 Иудасыг гарсны дараа Есүс
-Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа.
32 [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна.
33 Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд "Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй" гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна.
34 Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.
35 Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.
36 Симон Петр Түүнд
-Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс
-Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ.
37 Петр Түүнд
-Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд
38 Есүс
-Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.



[Өмнөх]                [Дараах]



Иохан [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21]