Иохан [16]

1 Та нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ.
2 Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.
3 Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно.
4 Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.
5 Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас "Та хаашаа явж байна?" гэж асуухгүй байна.
6 Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв.
7 Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ.
8 Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.
9 Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй.
10 Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй.
11 Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм.
12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй.
13 Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.
14 Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.
15 Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс "Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ" гэж Би хэлсэн билээ.
16 Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа.
17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ
-"Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна", "Учир нь Би Эцэгтээ очно" гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив.
18 Тэгээд тэд
-"Тун удахгүй" [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ.
19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд
-"Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна" гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно.
21 Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.
22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.
23 Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө.
24 Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ.
26 Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш.
27 Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ.
28 Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа.
29 Түүний шавь нар
-Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна.
30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.
31 Есүс тэдэнд
-Та нар одоо итгэж байна уу?
32 Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.
33 Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.



[Өмнөх]                [Дараах]



Иохан [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21]