2 Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв.
3 Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.
4 Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс
-Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.
5 Тэд Түүнд
-Назарын Есүсийг гэж хариулахад Есүс
-Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа.
6 Тэгээд Есүсийг "Би байна" гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав.
7 Есүс дахин
-Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд
-Назарын Есүсийг гэлээ.
8 Есүс
-"Би байна" гэж Би та нарт хэлсэн. Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэсэн нь
9 "Таны Надад өгсөн хүмүүсээс нэгийг нь ч Би алдаагүй" гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм.
10 Симон Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэр боолын нэрийг Малх гэдэг ажээ.
11 Тэгтэл Есүс Петрт
-Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? гэв.
12 Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,
13 эхлээд Түүнийг Аннас уруу авч ирэв. Учир нь Аннас бол тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм.
14 Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ.
15 Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул тэдний хашаанд Есүсийн хамт оров.
16 Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаад, Петрийг дотогш оруулав.
17 Үүдийг сахиж байсан шивэгчин Петрт
-Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр
-Би биш ээ гэв.
18 Хүйтэн байсан тул боолууд, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.
19 Тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь тухай, мөн сургаалынх нь тухай асууж шалгаав.
20 Есүс
-Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.
21 Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж
22 айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж
-Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.
23 Есүс Түүнд
-Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв.
24 Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв.
25 Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд
-Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн
-Би биш ээ гэв.
26 Тэргүүн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан
-Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ.
27 Үүнийг Петр дахин үгүйсгэсэн тэр даруйд тахиа донгодов.
28 Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгүй байж Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй.
29 Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд
-Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд
30 тэд
-Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.
31 Тэгтэл Пилат
-Түүнийг та нар ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд
-Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв.
32 Ямар үхлээр үхэхээ хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.
33 Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад
-Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд
34 Есүс
-Та үүнийг өөрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ.
35 Пилат
-Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн хийгээд ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу үйлдчихсэн юм бэ? гэж асуув.
36 Есүс
-Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ.
37 Пилат Түүнд
-Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс
-Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.
38 Пилат Түүнээс
-Үнэн гэж юу вэ? гэв.
Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж
-Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.
39 Дээгүүр Өнгөрөх баяраар та нарын төлөө захирагч нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тэгвэл би иудейчүүдийн Хааныг суллахыг та нар хүсэж байна уу? гэхэд
40 тэд дахин
-Энэ хүнийг биш, харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иохан [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21]