2 Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ
"Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ.
3 Цөлд хашхирагч нэгний дуу
"ЭЗЭНий замыг бэлтгэгтүн,
Түүний замыг шулуун болгогтун" гэнэ"
4 баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв.
5 Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа.
6 Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ.
7 Тэр тунхаглаж
-Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй.
8 Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.
9 Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ.
10 Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Есүс үзэв.
11 Тэнгэрээс дуу гарч,
-Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.
12 Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав.
13 Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа.
14 Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан,
15 -Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.
16 Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ.
17 Есүс тэдэнд
-Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав.
18 Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.
19 Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав.
20 Тэр даруйд Тэр тэднийг дуудсанд, тэд завинд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт орхиж, Есүсийг даган одоцгоолоо.
21 Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв.
22 Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв.
23 Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран
24 -Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв.
25 Есүс түүнийг буруушааж,
-Дуугүй бай. Түүнээс гар гэв.
26 Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.
27 Бүгд гайхаж өөр хоорондоо
-Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа.
28 Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.
29 Синагогаас гарч ирсний дараа тэр даруй тэд Иаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив.
30 Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэр даруйд тэд түүний тухай Есүст хэлэхэд
31 Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ.
32 Орой болж, нар жаргасны дараа хүмүүс өвчтэй болон чөтгөр шүгэлсэн бүх хүнийг Түүн уруу авчрав.
33 Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.
34 Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыг зөвшөөрсөнгүй. Учир нь тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм.
35 Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв.
36 Симон болон түүний нөхөд Түүнийг хайж,
37 олоод
-Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд
38 Есүс
-Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.
39 Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.
40 Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж
-Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд,
41 Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч
-Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд
42 тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.
43 Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав.
44 Есүс тэр хүнд
-Хэнд ч юу ч ярьж болохгүй. Харин явж тахилчид өөрийгөө үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав.
45 Гэтэл тэр гараад болсон бүхнийг ярин зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод илээр явах боломжгүй болж, хүнгүй газруудад байх болов. Харин зүг бүрээс хүмүүс Түүнийг зорин ирсээр байлаа.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]