2 Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав.
3 Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй.
4 Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй.
5 Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.
6 Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв.
7 Тэгээд чанга дуугаар хашхиран
-Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.
8 Учир нь Есүс
-Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ.
9 Есүс түүнээс
-Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр
-Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв.
10 Тэгээд тэр Түүнээс өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж хүсэмжлэн гуйж эхлэв.
11 Тэнд ууланд гахайн их сүрэг бэлчиж байлаа.
12 Чөтгөрүүд Есүсээс
-Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад,
13 Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ.
14 Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.
15 Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, "Легионд" эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв.
16 Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ.
17 Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв.
18 Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд,
19 Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд
-Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв.
20 Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.
21 Есүс [завиар] нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв.
22 Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж,
23 -Бяцхан охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв.
24 Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа.
25 Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв.
26 Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ.
27 Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв.
28 Учир нь тэр
-Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.
29 Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв.
30 Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж,
-Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа.
31 Шавь нар нь Түүнд
-Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та "Хэн Надад хүрэв?" гэх юм гэлээ.
32 Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав.
33 Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.
34 Есүс түүнд
-Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
35 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж
-Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ.
36 Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид
-Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав.
37 Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй.
38 Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав.
39 Оруутаа Тэр тэдэнд
-Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд,
40 тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров.
41 Хүүхдийн гараас барьж Тэр түүнд
-Талита кум (орчуулбал "Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!") гэж айлдав.
42 Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив.
43 Тэр
-Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,
-Охинд идэх юм өг гэлээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]