2 Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ.
3 Есүс хариуд нь тэдэнд
-Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд,
4 тэд
-Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв.
5 Гэтэл Есүс
-Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм.
6 Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.
7 Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ].
8 Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.
9 Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.
10 Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув.
11 Есүс тэдэнд
-Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно.
12 Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.
13 Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв.
14 Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа
-Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.
15 Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа.
16 Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв.
17 Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж
-Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув.
18 Есүс түүнд
-Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.
19 "Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл" гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд,
20 тэр Түүнд
-Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв.
21 Есүс түүнийг ширтэн харж, хайрлан
-Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.
22 Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.
23 Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа
-Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв.
24 Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж
-Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!
25 Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд
26 тэд бүр ч илүү гайхаж, Түүнд
-Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв.
27 Есүс тэднийг хараад
-Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
28 Петр Түүнд
-Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв.
29 Есүс
-Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино,
30 тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна.
31 Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.
32 Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт нь юу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв.
33 -Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана.
34 Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв.
35 Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд
-Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв.
36 Тэр
-Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд,
37 тэд Түүнд
-Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв.
38 Харин Есүс
-Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд,
39 тэд Түүнд
-Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж
-Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно.
40 Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав.
41 Үүнийг сонсоод нөгөө арав нь Иаков, Иохан нарт зэвүүцжээ.
42 Есүс тэднийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд
-Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ.
43 Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог.
44 Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог.
45 Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.
46 Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.
47 Назарын Есүс явж байгааг тэр дуулаад
-Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.
48 Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр
-Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв.
49 Есүс зогсон
-Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд
-Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.
50 Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив.
51 Есүс түүнд
-Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд
-Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ.
52 Есүс түүнд
-Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]