-Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд
2 Есүс түүнд
-Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй. Бүгд нурах болно гэв.
3 Сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр Есүсийг сууж байхад нь Петр, Иаков, Иохан, Андрей нар тусгайлан, Түүнээс асууж
4 -Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв.
5 Есүс тэдэнд
-Та нарыг хэн ч төөрүүлэхгүйн тулд та нар болгоомжлогтун.
6 Олон хүн Миний нэрээр ирж, "Би бол Тэр" гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ.
7 Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ.
8 Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.
9 Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно.
10 Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.
11 Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм.
12 Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална.
13 Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.
14 Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.
15 Байшингийн дээвэр дээр байгаа нь бүү бууг, эсвэл гэрээсээ ямар нэгэн юм авахаар бүү орог.
16 Талбайд байгаа нь хувцсаа авахаар бүү буцаг.
17 Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!
18 Гэвч энэ нь өвөл тохиолдохгүйн тулд залбирагтун.
19 Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно.
20 Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм.
21 Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Хараач, Тэр тэнд байна" гэвэл түүнд бүү итгэ.
22 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно.
23 Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.
24 Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй,
25 одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.
26 Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрын хамт үүлэн дунд ирэхийг тэд харна.
27 Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
28 Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг.
29 Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг.
30 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүгд болохоос өмнө энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.
31 Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.
32 Харин тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр дэх тэнгэр элч нар ч, Хүү ч мэдэхгүй. Харин ганцхан Эцэг мэднэ.
33 Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.
34 Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм.
35 Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
36 Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий.
37 Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. "Сонор сэрэмжтэй байгтун" хэмээн айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]