Илчлэлт [12]

1 Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй
2 хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа.
3 Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.
4 Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.
5 Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.
6 Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм.
7 Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад,
8 тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй.
9 Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав.
10 Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов.
-Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ.
11 Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
12 Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.
13 Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө.
14 Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм.
15 Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт усыг гаргаж урсгав.
16 Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа.
17 Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]