Илчлэлт [15]

1 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэр элч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.
2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав.
3 Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав.

-Төгс хүчит Эзэн Бурхан минь,
Таны үйлс агуу бөгөөд гайхалтай.
Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн.
4 Өө, Эзэн, Танаас эмээхгүй,
нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ?
Учир нь зөвхөн Та ариун билээ.
Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө.
Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.
5 Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асрын сүм нээгдэв.
6 Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшигтай долоон тэнгэр элч сүмээс гарч ирлээ.
7 Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэр элчид өгөв.
8 Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэр элчийн долоон гамшиг дуусах хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]