Илчлэлт [21]

1 Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.
2 Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.
3 Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов.
-Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].
4 Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.
5 Сэнтийд Залрагч
-Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд
-Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.
6 Тэр надад
-Биеллээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.
7 Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.
8 Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.
9 Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан
-Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв.
10 Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.
11 Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв.
12 Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.
13 Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж.
14 Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.
15 Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.
16 Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэр элч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа.
17 Тэр хотын хэрмийг хэмжихэд, хүний хэмжээс ба мөн тэнгэр элчийн хэмжээсээр зуун дөчин дөрвөн пехус болов.
18 Хэрмийг хас чулуугаар хийсэн бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт ажээ.
19 Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад эрдэнэ,
20 тав дахь нь мамагартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв.
21 Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэг бүр нь нэгэн цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь тунгалаг шил мэт шижир алт байв.
22 Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм.
23 Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.
24 Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.
25 Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж байхгүй.
26 Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийшээ авч ирнэ.
27 Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]