2 Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа.
3 Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч шиг хүчийг тэдэнд өгсөн байжээ.
4 Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон юманд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм.
5 Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм.
6 Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.
7 Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм мэт юмтай, нүүр нь хүний нүүр шиг байв.
8 Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв.
9 Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа.
10 Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг.
11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр "Абаддон", грекээр "Аполлуон" юм.
12 Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.
13 Зургаа дахь тэнгэр элч бүрээгээ таттал, Бурханы өмнө байгаа тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь
14 бүрээ барьсан зургаа дахь тэнгэр элчид хандан
-Агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэр элчийг сулла гэв.
15 Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав.
16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.
17 Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон галын, бор улаан, хүхрийн өнгөтэй цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.
18 Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.
19 Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна.
20 Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй.
21 Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]