Египетээс Гарсан Нь [10]

1 ЭЗЭН Мосед
-Фараон уруу оч. Учир нь Би түүний зүрх болон зарц нарынх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би Өөрийн эдгээр тэмдгүүдийг тэдний дунд тавьж,
2 мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгож, Би тэдний дунд хэрхэн тэмдгүүдээ тавьсныг та нар үр хүүхэд, ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
3 Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд
-Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
4 Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, Би маргааш чиний нутаг дэвсгэрт царцаа оруулна.
5 Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа та нарын бүх моддыг иднэ.
6 Тэд та нарын гэрүүд, чиний бүх зарц нарын гэр, бүх египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг, өвөг дээдэс энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно" гэж хэлсэн. Мосе эргэж Фараоныхаас гарав.
7 Фараоны зарц нар нь түүнд
-Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сөнөсөн болохыг та ойлгохгүй байна гэж үү? гэв.
8 Мосе, Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд, тэр тэдэнд
-Явцгаа. Өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНд үйлчил. Хэн, хэн явах вэ? гэхэд,
9 Мосе
-Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.
10 Фараон тэдэнд
-Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байх болтугай. Харагтун! Та нар хорон санаатай юм.
11 Тэгэхгүй! Та нар хүссэн ёсоороо эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв.
12 ЭЗЭН Мосед
-Гараа Египетийн газар дээгүүр сунгаж, Египетийн нутагт царцаанууд оруулж, мөндрөөс үлдсэн бүхнийг, тариалангийн бүх ургамлыг идүүл гэж айлдав.
13 Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд, ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорны салхи царцаануудыг авчирсан байв.
14 Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв.
15 Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд идсэн. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй.
16 Мосе, Аарон нарыг Фараон яаралтай дуудан
-Би та нарын Бурхан ЭЗЭН болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ.
17 Тийм учраас зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд өөрсдийн Бурхан ЭЗЭНээс гуйж өгөөч гэв.
18 Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.
19 ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.
20 Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
21 ЭЗЭН Мосед
-Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.
22 Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.
23 Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.
24 Фараон Мосег дуудаж,
-Яв, ЭЗЭНд үйлчил. Харин та нарын хонь ба үхэр сүрэг чинь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв.
25 Мосе
-Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та шатаалт тахил ба өргөлүүдийг бидний гарт өгөх ёстой.
26 Тийм учраас бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэл бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв.
27 ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
28 Фараон түүнд
-Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.
29 Мосе
-Та зөв ярьж байна. Би таны нүүрийг дахин харахгүй гэж хэлэв.



[Өмнөх]                [Дараах]



Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]