Египетээс Гарсан Нь [15]

1 Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ.
-Би ЭЗЭНд дуулъя.
Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ.
Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.
2 ЭЗЭН бол миний хүч ба дуу.
Тэр миний аврал болсон.
Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.
Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.
3 ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.
4 Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан.
Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.
5 Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
6 Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.
Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.
7 Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв.
Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.
8 Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч,
урсгал ус овоо мэт босож,
далайн гүн дэх уснууд царцсан.
9 Дайсан "Би хөөж гүйцээд, олзоо хуваана.
Тэдний эсрэг би хүслээ хангана.
Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө" гэв.
10 Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв.
Их усанд тэд тугалга мэт живэв.
11 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?
Ариун байдалдаа сүр жавхлантай,
магтаал дотор аймшиг төрүүлмээр,
гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?
12 Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.
13 Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,
Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.
14 Ард түмнүүд сонсоод чичирч,
Филистийн оршин суугчид аймшигт автагдав.
15 Едомын тэргүүлэгчид түгшиж,
Моабын удирдагчид айн дагжиж,
Канааны бүх оршин суугчид хайлан урсав.
16 Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ.
Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл,
Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл
Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.
17 Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина.
Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ.
Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.
18 ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.
19 Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явав.
20 Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв.
21 Мириам тэдэнд хариулан
-ЭЗЭНд дуулъя!
Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.
Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм
22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.
23 Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.
24 Ард түмэн Мосед гомдоллон
-Бид юу уух вэ? гэцгээв.
25 Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.
26 Тэр
-Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.
27 Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.



[Өмнөх]                [Дараах]



Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]