1 ЭЗЭН Мосед айлдан
-Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ.
2 Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө ир.
3 Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв.
4 Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.
5 ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.
6 Дараа нь ЭЗЭН түүний урдуур өнгөрч
-ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ.
7 Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав.
8 Мосе газарт доош бөхийн мөргөхөөр яаравчлав.
9 Тэр
-Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв.
10 Тэгэхэд Бурхан
-Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.
11 Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана.
12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.
13 Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.
14 (Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН бол хартай Бурхан билээ).
15 Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий.
16 Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий.
17 Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.
18 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.
19 Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.
20 Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.
21 Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.
22 Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ.
23 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.
24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.
25 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.
26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.
27 Дараа нь ЭЗЭН Мосед
-Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.
28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.
29 (Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй.
30 Тиймээс Аарон ба Израилийн бүх хөвгүүд Мосег харан, түүний нүүрний арьс гэрэлтсэнийг үзээд, түүнд ойртохоос айв.
31 Мосе тэднийг дуудсанд, Аарон болон цуглаан дахь бүх захирагчид түүн уруу ирж, Мосе тэдэнтэй ярилцав.
32 Үүний дараа Израилийн бүх хөвгүүд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНий өөрт нь айлдсан болгоныг үйлдэхийг Мосе тэдэнд тушаав.
33 Мосе тэдэнтэй ярьж дуусаад, нүүрэн дээрээ бүтээлэг тавив.
34 Харин Мосе ЭЗЭНтэй ярихаар Түүний өмнө очих бүрд, гарах хүртлээ бүтээлгээ авдаг байсан. Тэр гарч ирээд, юу тушаасныг Израилийн хөвгүүдэд дамжуулах болгонд
35 Мосегийн нүүрийг буюу түүний нүүрний арьс гэрэлтсэнийг Израилийн хөвгүүд хардаг байв. Тиймээс ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]