1 ЭЗЭН Мосед
-Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.
2 Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд
-Би бол ЭЗЭН.
3 Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.
4 Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан.
5 Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа.
6 Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. "Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.
7 Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.
8 Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН" гэж айлдав.
9 Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй.
10 ЭЗЭН Мосед хандан
11 -Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв.
12 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө
-Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв.
13 ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв.
14 Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ.
15 Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ.
16 Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ.
17 Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ.
18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ.
19 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ.
20 Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ.
21 Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ.
22 Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ.
23 Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.
24 Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ.
25 Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ.
26 "Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга" гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ.
27 Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ.
28 Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр
29 ЭЗЭН Мосед хандан
-Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв.
30 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө
-Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]