1 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ.
2 Иймээс тэр ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг томилов.
3 Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн
-Та миний эцэг Давидтай нөхөрлөн, ордонгоо барихад нь зориулж хуш мод илгээж байсан шигээ надад ч мөн тэгж хандаач.
4 Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг.
5 Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай.
6 Гэвч хэн Түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс Түүний өмнө үнэртэн уугиулаад зогсохгүй, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?
7 Алт, мөнгө, хүрэл, төмөр болон улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бүс, зотонгоор юм хийх авъяастай, сийлбэрийн бүх төрөл, ямар ч загварын төсөл зургийг хэрхэн урлахыг мэддэг хүнийг над уруу илгээнэ үү? Тэр хүн чинь Иуда, Иерусалим дахь миний урчуудын хамт ажиллаг. Тэдгээр хүмүүсийг миний эцэг Давид бэлтгэсэн юм.
8 Мөн Ливанаас хуш, агар, арц модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг хэрхэн унагахаа мэднэ гэдгийг би ойлгож байгаа. Миний хүмүүс таны хүмүүстэй хамт ажиллаж
9 надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой.
10 Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв.
11 Тирийн хаан Хурам Соломонд захидал илгээн хариулахдаа
-ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв.
12 Хурам цааш нь
-Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.
13 Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе.
14 Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул.
15 Одоо миний эзэн амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү.
16 Бид танд хэрэгтэй ямар ч гуалинг Ливанаас тайран авч, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татан авна биз ээ хэмээв.
17 Түүний эцэг Давидын хийсэн тооллогыг дагаад Соломон Израилийн нутагт байсан харь хүмүүсийг бүгдийг тоолсон бөгөөд зуун тавин гурван мянга зургаан зуун хүн байлаа.
18 Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд, мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун хянагчдыг томилов.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]