1 Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав.
2 Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ.
3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.
4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов. Энэ өргөөний талаар "Миний нэр Иерусалимд үүрд байх болой" гэж ЭЗЭН айлдсан юм.
5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.
6 Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.
7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа "Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.
8 Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй" гэсэн билээ.
9 Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм.
10 Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.
11 Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.
12 Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.
13 Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалим уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.
14 Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.
15 Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан, хотын гадна гаргаж хаяжээ.
16 Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахилууд болон талархлын тахилуудыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг Иудад тэр тушаав.
17 Тэгсэн хэдий ч ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр зөвхөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөсөөр байв.
18 Манассегийн бусад үйлс, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын тэмдэглэлүүдийн дунд бий.
19 Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаин тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.
20 Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг өөрийнх нь гэрт оршуулжээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.
21 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав.
22 Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, өөрийн эцэг Манассегийн бүтээсэн бүх сийлмэл хөрөгт тахил өргөж, тэдгээрт үйлчлэв.
23 Үүнээс гадна, өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин Амон гэм бурууг арвижуулсан юм.
24 Эцэст нь түүний зарц нар түүнийг эсрэг хуйвалдаж, түүнийг өөрийнх нь гэрт алав.
25 Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]