Шастирын Дэд [4]

1 Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв.
2 Тэр бас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ.
3 Түүний дор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв.
4 Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.
5 Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв.
6 Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.
7 Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.
8 Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ.
9 Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв.
10 Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.
11 Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд:
12 хос багана, тэдгээрийн оройд суулгасан хул хэлбэртэй баганын хоёр толгой, баганануудын оройд буй баганын толгойнуудыг халхлах хоёр унжлага,
13 хоёр унжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу баганануудын оройд буй хул хэлбэртэй баганын толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв.
14 Тэр бас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав,
15 мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.
16 ЭЗЭНий өргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурам-аби өнгөлсөн хүрлээр хийсэн юм.
17 Хаан эдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв.
18 Ийнхүү Соломон эдгээр бүх эд хэрэглэлийг асар ихээр хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ.
19 Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд,
20 зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар,
21 шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,
22 шижир алтан чимхүүр, хул аяганууд, галын хорго болон бойпорууд, мөн өргөөний орох үүд, ариунаас ариун газарт орох дотоод хаалгануудыг нь, мөн өргөө буюу гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.



[Өмнөх]                [Дараах]

Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]