1 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв.
2 ЭЗЭНий яруу алдар ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөө уруу нэвтрэн орж чадахгүй байлаа.
3 Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж,
-Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх гэцгээв.
4 Тэгээд хаан болон бүх хүн ЭЗЭНий өмнө тахил өргөв.
5 Соломон хаан хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хониор тахил өргөв. Ингэж хаан ба бүх ард түмэн ЭЗЭНий өргөөг зориуллаа.
6 Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. "Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх". Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв.
7 Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.
8 Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив.
9 Тэд долоон хоног тахилын ширээний зориулалтыг сахисны дараа баяр наадмыг долоон өдөр сахиж, найм дахь өдөр нь тэд ёслолын чуулганыг явуулав.
10 Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.
11 Ийнхүү Соломон ЭЗЭНий өргөө, хааны ордныг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн ордон дотор хийхээр төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар хийж гүйцээв.
12 ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан
-Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа.
13 Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед
14 Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.
15 Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно.
16 Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно.
17 Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал,
18 чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, "Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй" гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно.
19 Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл,
20 Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно.
21 Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, "ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?" гэж харуусах болно.
22 Тэд хэлэхдээ "Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм" гэх болно хэмээн айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]