Иошуа [7]

1 Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.
2 Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд
-Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.
3 Тэд Иошуа уруу буцан ирж,
-Бүх ард олныг бүү явуул. Зөвхөн хоёр юм уу, гурван мянга орчим хүн Аи уруу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.
4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав.
5 Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг алав. Тиймээс ард олны зүрх мохон ус мэт болов.
6 Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.
7 Иошуа
-Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой!
8 Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?
9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.
10 Тэгтэл ЭЗЭН Иошуад
-Өндийн бос. Чи нүүрээрээ харуулдан унах нь юу вэ?
11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан.
12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй.
13 Бос, ард олныг ариусган тэдэнд "Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. "Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй".
14 Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий авах бүл хүн тус бүрээрээ ирэгтүн.
15 Хориглосон зүйлсийг авсан хүн, өөртөө байгаа бүхний хамт галд шатаагдана. Учир нь гэвэл тэр ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн юм" гэж хэл гэлээ.
16 Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав.
17 Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав.
18 Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ.
19 Иошуа Аханд
-Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.
20 Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь
-Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл
21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.
22 Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв.
23 Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав.
24 Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.
25 Иошуа
-Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав.
26 Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.



[Өмнөх]                [Дараах]

Иошуа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]