1 Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.
2 Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв.
3 Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.
4 Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
5 Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.
6 Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр.
7 Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв.
8 Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. "Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?" гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.
9 Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно.
10 Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй.
11 Түүнчлэн хэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ?
12 Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.
13 Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу.
14 Хэдийгээр тэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм.
15 Түүнийг залгамжлагч хоёр дахь залуугийн талд наран доорх амьдрагсад бүгд бөөгнөрөхийг би харсан.
16 Тэдний өмнө байсан бүх хүнд хязгаар байхгүй. Харин хожим ирэгсэд нь мөнөөх залууг таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил болой.
[Өмнөх] |                  | [Дараах] |