Амос [7]

1 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.
2 Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ.
-Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?
3 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.
-Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.
4 Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.
5 Тэгэхэд би
-Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.
6 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.
-Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
7 Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.
8 ЭЗЭН надад
-Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, "Тэгшлүүр" гэв. Тэгэхэд Эзэн
"Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна.
Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,
Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно.
Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно".
10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн,
-Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.
11 Учир нь Амос ийнхүү хэлж байна. "Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно" гэсэн.
12 Дараа нь Амазиа Амост
-Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл!
13 Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.
14 Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь
-Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.
15 Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, "Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл" гэж ЭЗЭН надад айлдсан.
16 Одоо ЭЗЭНий үгийг сонс. "Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга" гэж чи хэлж байна.
17 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно" гэв.



[Өмнөх]                [Дараах]



Амос [1][2][3][4][5][6][7][8][9]