Хосеа [10]

1 Израиль бол саглагар усан үзмийн мод юм.
Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг.
Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв.
Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.
2 Тэдний зүрх нь итгэлгүй.
Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой.
ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.

3 Үнэхээр одоо тэд "Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй.
Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?" хэмээх болно.
4 Тэд зөвхөн үгийг л хэлж байна.
Зохисгүй тангаргуудаар тэд гэрээнүүд байгуулдаг.
Шүүлт нь, тариан талбайн шан дахь хортой зэрлэг ургамал шиг соёолж байна.
5 Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно.
Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж,
шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.
6 Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана.
Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.
7 Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.
8 Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.
Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана.
Тэгээд тэд уулсад хандан "Биднийг нөмөр" гээд,
толгодод хандан "Бидэн дээр уна" хэмээн хэлэх болно.
9 Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ.
Тэнд тэд зогсдог.
Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?
10 Хүссэн үедээ Би тэднийг жанчина.
Тэд өөрсдийн хоёр гэмийн төлөө хүлэгдэх үед ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.

11 Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ.
Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно.
Би Ефраимыг морин тэргэнд хөллөж,
Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.
12 Зөв шударгыг тариалж, энэрэнгүйгээр хурааж ав.
Боловсруулаагүй газраа хагал.
Учир нь ЭЗЭН чиний дээр зөв шударгыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.
13 Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан.
Та нар худлын жимсийг идсэн.
Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул
14 танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ.
Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно.
Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.
15 Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно.
Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.



[Өмнөх]                [Дараах]



Хосеа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]