2 Коринт [3]

1 Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу?
2 Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа минь шүү дээ.
3 Та нар бол бидний үйлчлэлээр Христийн захиа хэмээн танигдсан билээ. Энэхүү захиа бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн юм.
4 Бидэнд Христээр дамжуулан Бурханд хандах тийм бат итгэл байдаг.
5 Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.
6 Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.
7 Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол,
8 Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу?
9 Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна.
10 Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ.
11 Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна.
12 Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг.
13 Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.
14 Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана.
15 Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг.
16 Гэвч хүн Эзэнд хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг.
17 Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.
18 Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.



[Өмнөх]                [Дараах]



2 Коринт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]