1 Тиймээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг, тушаалыг үргэлж дагаж яв.
2 Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, хараагүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг,
3 Египетийн төвд Египетийн хаан Фараон болон бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг, үйлсийг нь,
4 та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,
5 та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарт Түүний юу хийснийг,
6 Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй.
7 Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.
8 Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.
9 Ингэснээр тэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.
10 Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан.
11 Харин чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд
12 чиний Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм. Чиний Бурхан ЭЗЭНий мэлмий жилийн эхнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг тольдон байдаг билээ.
13 Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал
14 ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.
15 Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.
16 Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.
17 Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.
18 Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга.
19 Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.
20 Та нар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич.
21 Тэгвэл та нарын өвөг дээдэст өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь амьдрал газрын дээр тэнгэрийн орших хоногууд мэт уртасна.
22 Та нар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал
23 ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.
24 Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.
25 ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.
26 Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна.
27 Хэрэв та нар өнөөдөр миний тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсвол ерөөгдөх болно.
28 Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсолгүй, харин миний өнөөдөр та нарт тушааж буй ёс журмаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно.
29 ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй тэр газарт чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь!
30 Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүг уруу чиглэсэн замын баруун талд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг биш үү?
31 Та нар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно.
32 Миний өнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]