Дэд хууль [5]

1 Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хандаж хэлсэн нь
-Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй хууль зарлигийг сонсогтун. Та нар түүнийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрд!
2 ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ.
3 ЭЗЭН энэ гэрээгээ бидний өвөг дээдэстэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ.
4 ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ.
5 Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН болон та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН
6 "Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна.
7 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
8 Чи өөртөө зориулан шүтээн, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усанд байдаг ямар ч юмны дүрсийг бүү хий.
9 Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.
10 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
11 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.
12 ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн.
13 Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.
14 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа.
15 Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.
16 ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.
17 Чи хүн бүү ал.
18 Чи бүү завхайр.
19 Чи бүү хулгайл.
20 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна" гэж айлдсан билээ.
22 ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.
23 Уул галд дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон, танай овгуудын тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд
24 "Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ.
25 Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ.
26 Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ?
27 Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье" гэсэн.
28 Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад хандан "Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй.
29 Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай.
30 Чи очоод, тэдэнд "Майхан уруугаа буцацгаа" гэж хэлээд,
31 харин чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг" гэж айлдсан.
32 Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй.
33 ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.



[Өмнөх]                [Дараах]

Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]