Дэд хууль [32]

1 -Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье.
Газар аа, үгийг минь сонс!
2 Миний сургаал бол орох бороо,
миний хэлэх үг бол унах шүүдэр,
шинэ зүлгэн дээр буух борооны дусал,
өвс ногоон дээр орох аадар юм.
3 Би ЭЗЭНий нэрийг тунхаглана.
Сүр хүчийг бидний Бурханд өг.
4 Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс.
Түүний бүх зам мөр нь шударга.
Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй.
Тэр бол зөвт бөгөөд шударга.
5 Тэд Түүнд мууг үйлдсэн.
Тэд Түүний хүүхдүүд биш.
Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.
6 Тэнэг мунхаг хүмүүс ээ!
Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?
Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү?
Тэр чамайг бүтээж, бий болгосон.
7 Эртний өдрүүдийг санацгаа.
Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!
Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.
Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
8 Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,
Адамын хөвгүүдийг хуваах үед
Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.
9 ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн,
Иаков бол Түүний сонгож авсан өв.
10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,
араатан архирах цөлөөс олжээ.
Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,
Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.
11 Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж,
дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт
12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба
Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.
13 ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж,
талбайн ургацыг идүүлж, хаднаас бал,
цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.
14 Үхрийн сүүний ээдэм, хонины сүү,
хурганы өөх, Башан үүлдрийн хуц,
ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.

15 Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.
Чи таргалж, бүдүүрч, гялалзан,
өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,
өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
16 Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,
жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.
17 Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.
Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,
саяхан гарч ирсэн шинэ бурхад,
өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.
18 Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,
чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.

19 ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ.
Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.
20 Тэгээд Тэр айлдсан нь
"Би тэднээс нүүрээ буруулна.
Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна.
Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
21 Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн,
тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө.
Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж,
мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.
22 Миний хилэнгийн гал дүрэлзэн
Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж,
газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.

23 Би тэдэн дээр гай гамшгийг овоолж,
сумаа тэдэн дээр буулгана.
24 Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн,
гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.
Би бас тэдэн уруу араатны шүд,
тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
25 Гадаах нь сэлмэнд,
доторх нь айдаст нэрвэгдэнэ.
Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.
26 "Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна" гэж Би айлдах байсан.
27 Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна.
Өстнүүд нь буруугаар ойлгож,
"Бидний гар агуу,
энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!" гэж хэлэх болуузай".

28 Тэд бол зөвлөдөггүй үндэстэн.
Тэдэнд мэдлэг байхгүй.
29 Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож,
өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!
30 Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол,
ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол
яахин нэг нь мянгыг хөөж,
хоёр нь түмийг зугтаалгах вэ?
31 Дайсны хад бол манай Хадтай адилгүй.
Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.
32 Тэдний усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос,
Гоморрагийн талбайгаас гарсан юм.
Тэдний усан үзэм нь цөс,
хонгорцог нь гашуун юм.
33 Тэдний усан үзмийн дарс нь могойн хор,
наж могойн үхлийн хор юм.

34 "Тэр нь Надад хадгалагдаж,
Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?
35 Өшөө авалт нь Минийх.
Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна.
Тэдний гамшгийн өдөр ойртож байна.
Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна" гэнэ.
36 ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ.
Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг,
хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ
Өөрийн зарц нарыг өрөвдөнө.
37 ЭЗЭН айлдсан нь
"Тэдний бурхад хаа байна вэ?
Тэдний хоргодсон хад хаа байна вэ?
38 Тэдний тахилын өөхийг хэн идэж,
ундаан өргөлийн дарснаас хэн уусан бэ?
Тэд босож та нарт туслаг.
Тэд та нарын нуугдах газар болог.
39 Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав.
Надаас өөр ямар ч бурхан байхгүй.
Үхүүлж, амьдруулагч нь Би билээ.
Шархдуулж, эдгээгч нь Би билээ.
Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.
40 Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн
Өөрийн амьд буйгаар тангараглая.
41 Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин,
дайснуудаасаа өшөө хонзонгоо авч,
Намайг үзэн ядагсдад хариу барина.
42 Би сумаа цусанд согтоож,
сэлмэндээ мах үмхүүлнэ.
Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус,
дайсны удирдагчид байх болно".
43 Үндэстнүүд ээ!
Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа.
Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,
дайснуудаасаа өс хонзонгоо авч,
Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ
44 Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.
45 Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад,
46 тэдэнд хандан
-Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.
47 Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.
48 Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан
49 -Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар.
50 Чиний ах Аарон Хор ууланд үхэж, өвөг дээдэс уруугаа одсон шиг, чи бас өгсөж гарсан уулан дээрээ үхэж, өвөг дээдэс уруугаа одох болно.
51 Учир нь та нар Зиний цөлд Мериба-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Надад итгэлгүй хандан, Миний ариун болохыг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.
52 Тиймээс чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газар уруу тийш орж болохгүй гэж айлдав.



[Өмнөх]                [Дараах]

Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]