Дэд хууль [19]

1 Чиний Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь тэдний газар нутгийг чамд өгөхөд чи тэднийг хөөн гаргаад, тэдний хот, тэдний орон байрнуудад амьдран суухдаа
2 ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутгийн төв дунд өөрсдөдөө зориулан гурван хотыг тусгаарла.
3 Чи өөртөө зориулан замууд засаж ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр хэн нэгэн алуурчин тийшээ зугтан очиг.
4 Тийшээ зугтаан очиж амьдарч болох алуурчны хэрэг нь ийм байх юм. Тэр хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд
5 (тухайлбал хэн нэгэн хүн хөрштэйгээ хамт мод огтлохоор ойд очиж, гартаа барьсан сүхээр мод цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, тэр нь үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтаан очиж, амьдарч болно.
6 Эс тэгвээс хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор алаагүй тэр хүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн, хөөх зам нь урт байвал түүнийг гүйцэн очоод, ална.
7 Тиймээс би чамд "Өөртөө гурван хотыг тусгаарлан ав" гэж тушааж байна.
8 ЭЗЭН Бурхан чинь чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, өвөг дээдэст чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл,
9 бас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд миний өнөөдөр чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурван хотоос гадна өөр гурван хотыг нэмж ав.
10 ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг бүү урсга. Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй.
11 Харин хэн нэгэн хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран цохисноор нөгөө хүн үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол
12 тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад, цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг ална.
13 Чи түүнийг бүү өрөвдөн хар. Гэмгүй цусыг урсгасны нүглийг чи Израилиас зайлуул. Тэгвэл чи сайн сайхан явах болно.
14 ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвгөд дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.
15 Ямар нэгэн гэм буруу, эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрч тэмцэж чадахгүй. Харин хоёр юм уу, гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.
16 Хэрэв хүнийг хэрэгтэн хэмээн буруутгахаар хуурамч гэрч гарч ирвэл,
17 маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилч нар, шүүгчдийн өмнө зогсоно.
18 Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгаад, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлэг өгсөн нь батлагдвал
19 ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь эргүүлэн оноогтун. Та нар өөрсдийнхөө дундаас бузар мууг ийнхүү зайлуул.
20 Тэгвэл бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно.
21 Иймээс өршөөнгүй харцаар бүү хар. Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.



[Өмнөх]                [Дараах]

Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]