Дэд хууль [7]

1 ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн гаргахад,
2 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.
3 Мөн чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.
4 Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.
5 Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.
6 Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ.
7 Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.
8 Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ.
9 Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.
10 Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.
11 Тийм учраас миний өнөөдөр та нарт тушааж байгаа тушаал, зарлиг, хууль тогтоолыг та нар үйлдэхийн тулд сахин мөрдөцгөө.
12 Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахиж, чамд хайр энэрлээ хүртээх болно.
13 Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.
14 Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.
15 ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.
16 Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.
17 "Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?" гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй.
18 Гэвч чи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.
19 Та нарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ.
20 Чиний Бурхан ЭЗЭН тэднээс үлдэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ.
21 Чи тэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна.
22 Чиний Бурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.
23 Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.
24 Тэр тэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.
25 Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.
26 Чи тийм жигшүүрт зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хараал хүртэх вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Юу гэвэл тэр нь хориотой зүйл юм.



[Өмнөх]                [Дараах]

Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]