Илчлэлт [18]

1 Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.
2 Тэр хүчит дуугаар хашхиран
-Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.
3 Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.
4 Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов.
-Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.
5 Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.
6 Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.
7 Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ "Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй" гэж хэлдэг.
8 Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.
9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.
10 Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод
-Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.
11 Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.
12 Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,
13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.
14 Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чамайг орхин одсон. Тэдгээр нь дахиж олдохгүй.
15 Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан
16 -Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!
17 Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ.
Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод
18 галынх нь утааг харангаа,
-Агуу их хоттой адил ямар хот байна вэ? гэж хашхирч байлаа.
19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан
-Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ.
20 Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.
21 Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа
-Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.
22 Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.
23 Дэнлүүний гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.
24 Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]