Илчлэлт [5]

1 Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв.
2 Мөн
-Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдвэл зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав.
3 Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй.
4 Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав.
5 Ахлагчдын нэг нь надад
-Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.
6 Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм.
7 Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав.
8 Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.
9 Тэд шинэ дуу дуулж
-Хуйлмал номыг авч,
лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн.
Учир нь Та нядлуулсан бөгөөд
бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс
хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.
10 Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон.
Тэд дэлхий дээр хаанчлах болно
11 Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.
12 Тэд чанга дуугаар
-Нядлуулсан Хурга
хүч, баялаг, мэргэн ухаан,
сүр хүч, хүндэтгэл,
алдар ба магтаалыг авбал зохистой
13 Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс
-Сэнтийд Залрагчид ба Хурганд
магтаал, хүндэтгэл,
алдар, сүр хүч нь
үеийн үед байх болтугай
14 Дөрвөн амьтан нь
-Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]