Илчлэлт [6]

1 Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь
-Ирэгтүн гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.
2 Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.
3 Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь
-Ирэгтүн гэж хэлэхийг би сонслоо.
4 Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.
5 Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь
-Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.
6 -Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.
7 Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд
-Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов.
8 Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг "Үхэл" гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийн эрх мэдэл тэдэнд өгөгдөж, илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөв.
9 Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг тахилын ширээн доор байхыг би харав.
10 Тэд чанга дуугаар
-Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа.
11 Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.
12 Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов.
13 Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж,
14 хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа.
15 Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж,
16 уулс ба хадан цохионуудад хандан
-Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач.
17 Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.



[Өмнөх]                [Дараах]



Илчлэлт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]