1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 -Арьсны халдварт өвчтөний цэвэршигдэх өдрийнх нь хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч,
3 тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас,
4 хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана.
5 Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана.
6 Тэрээр амьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.
7 Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна.
8 Цэвэршүүлэгдэгч нь тэгээд хувцсаа угаан, бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь тэр хуаранд орж болно. Гэвч тэр долоо хоногийн турш майхныхаа гадна байх ёстой.
9 Долоо дахь өдөр нь тэр өөрийн бүх үсийг хусна. Тэр нь толгойн үсээ, сахал хөмсөг төдийгүй өөрийн бүх үсийг хусах болой. Тэгээд тэр хувцсаа угаан, усанд биеэ угааж цэвэр болно.
10 Найм дахь өдөр нь тэр согоггүй хоёр эр хургыг, согоггүй нэг эм хургыг болон идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилыг, нэг лог тосыг авчрах бөгөөд,
11 цэвэршүүлэгдэгчийг цэвэр хэмээн тодорхойлон хэлсэн тахилч эдгээр зүйлсийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, хурлын майхны үүдэнд авчирна.
12 Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой.
13 Дараа нь нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой.
14 Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилын хэсэг цусыг авч, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нь түрхэнэ.
15 Тахилч бас нэг лог тосноос хэсгийг авч, зүүн гарынхаа алганд асгаад,
16 баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна.
17 Тахилч алган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.
18 Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.
19 Тахилч дараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална.
20 Тэр шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.
21 Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.
22 Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.
23 Тэгээд найм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой.
24 Тахилч гэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө.
25 Дараа нь тэр гэмийн төлөөх тахилын хургыг нядалж, хэсэг цус аваад, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ.
26 Тахилч мөн тосноос хэсгийг нь зүүн гарынхаа алганд асгаад,
27 баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосны хэсгээс долоон удаа ЭЗЭНий өмнө цацна.
28 Тэгээд тахилч алгандаа байгаа тосны заримыг цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.
29 Түүнээс гадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой.
30 Тэгээд тэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө.
31 Тэр өөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ.
32 Энэ бол цэвэршүүлэлтэд зориулах чадал боломж хомс арьсны халдварт өвчтөний тухай хууль болой.
33 ЭЗЭН Мосе, Аарон нартай цааш нь ярин айлдаж
34 -Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад,
35 тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид "Байшинд минь толботой адил зүйл надад харагдав" гэж хэлэх ёстой.
36 Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно.
37 Тийнхүү тэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас
38 тахилч байшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана.
39 Тахилч долоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв уг толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас
40 толбо суусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана.
41 Мөн тэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана.
42 Тэгээд тэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.
43 Гэсэн ч хэрэв тэр хүн чулуунуудыг салган, байшинг хусаад, дахин шохойдсны дараа уг толбо дахин байшинд гарч ирэх аваас,
44 тахилч дотогш орон сайтар ажиглана. Хэрэв тэрээр байшинд толбо үнэхээр тархсаныг харах аваас энэ нь байшин доторх хортой халдварын толбо мөн учир бузар болой.
45 Тиймээс тэр хүн уг байшинг, чулуунуудыг нь, дүнзнүүдийг нь, мөн бүх шохойг нь буулгаж тэдгээрийг хотын гадна бузар газар уруу аваачих болой.
46 Түүнээс гадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно.
47 Үүнчлэн байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.
48 Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
49 Тэгээд уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад,
50 нэг шувууг урсгал усан дээр шавар саванд нядална.
51 Тэгээд тэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна.
52 Ийнхүү тэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм.
53 Харин тэр амьд шувууг хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.
54 Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль болой. Үүнд хамуу,
55 мөн арьсны халдварт өвчин тусгах хувцас, эсвэл байшин,
56 мөн хавдар, шарх, толботой холбоотой,
57 тэдгээрийг ямар тохиолдолд бузар, ямар тохиолдолд цэвэр гэдгийг заах хууль болой. Энэ бол арьсны халдварт өвчний хууль юм.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]