Левит [8]

1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 -Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун.
3 Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.
4 Тийнхүү Мосе ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур,
5 Мосе цуглаанд хандан
-ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.
6 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
7 Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв.
8 Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв.
9 Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.
10 Тэгээд Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон тэдгээрийг ариусгав.
11 Тэр тосны заримыг тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээ болон түүний бүх хэрэгслийг, угаагуур болон түүний суурийг тослон ариусгав.
12 Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.
13 Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.
14 Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгой дээр гараа тавьцгаав.
15 Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав.
16 Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.
17 Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.
18 Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.
19 Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав.
20 Тэрээр хуцыг мөчлөн эвдэж огтлоод, Мосе толгой, хэсгүүдийг болон өөхийг нь шатаан уугиулав.
21 Гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаасны дараа Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулав. Энэ бол тайвшруулах тааламжит үнэрт зориулсан шатаалт тахил байлаа. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор ЭЗЭНд галаар өргөх өргөл байлаа.
22 Тэгээд тэр сахил хүртээх ёслолын хуц болох хоёр дахь хуцыг авчирлаа. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.
23 Мосе түүнийг нядалж, түүний хэсэг цусыг нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав.
24 Тэр мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосе хэсэг цусыг тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. Тэгээд Мосе бусад цусыг тахилын ширээ уруу тойруулан цацав.
25 Тэр өөхийг, сүүлийг, бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт, баруун гуяыг нь авав.
26 ЭЗЭНий өмнө байсан исгээгүй талхны сагснаас тэр нэг исгээгүй бинг, тостой хольсон талхан боов нэгийг болон нэг боовыг авч, тэдгээрийг өөхнүүд болон баруун гуян дээр байрлуулав.
27 Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав.
28 Тэгээд Мосе тэдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. Эдгээр нь тайвшруулах тааламжит үнэрт зориулсан, сахил хүртээх ёслолын тахил байлаа. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл байв.
29 Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.
30 Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.
31 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь
-Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан "Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно" хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.
32 Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун.
33 Та нар сахил хүртэх ёслолын чинь үе дуусах өдрийг хүртэл, долоо хоногийн турш хурлын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь Тэр та нарт долоо хоногийн турш сахил хүртээх юм.
34 Та нарын өмнөөс эвлэрүүллийг хийхээр өнөөдрийн хийгдсэнийг ЭЗЭН хийхийг тушаасан.
35 Түүнээс гадна, та нар үхэхгүйн тулд хурлын майхны үүдэнд долоо хоногийн туршид өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий шаардлагыг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.
36 Аарон болон түүний хөвгүүд ингэж ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан бүх зүйлсийг хийв.



[Өмнөх]                [Дараах]



Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]