1 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдаж
2 -Миний ариун нэрийг гутаахгүйн тулд Израилийн хөвгүүдийн Надад зориулсан ариун өргөлд няхуур хандахыг Аарон болон түүний хөвгүүдэд хэлэгтүн. Би бол ЭЗЭН.
3 Тэдэнд хэлэгтүн. "Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН.
4 Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас
5 эсвэл хэрэв өөрөө түүгээр бузартах аливаа мөлхөгч зүйлд хүрэх эсвэл өөрөө түүгээр бузартах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас ямар бузар нь хамаагүй
6 ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй.
7 Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой.
8 Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН.
9 Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
10 Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй.
11 Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой.
12 Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй.
13 Гэвч хэрэв тахилчийн охин нь бэлэвсрэх, эсвэл нөхрөөсөө салах ба үр хүүхэдгүй, өөрийн залуу үеийнх шиг эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэр нь эцгийнхээ хүнснээс иднэ. Харин ямар ч харийн хүн түүнээс идэх ёсгүй.
14 Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун өргөлийг тахилчид өгнө.
15 Тэд ЭЗЭНд өргөж буй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй.
16 Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой" гэлээ.
17 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
18 -Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай,
19 (та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой.
20 Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно.
21 Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй, төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй.
22 Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий.
23 Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно.
24 Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий.
25 Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно" гэв.
26 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
27 -Үхэр, хонь, ямаа нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Найм дахь өдрөөс энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлийн тахил болон хүлээн авагдах болно.
28 Харин үхрийг ч бай, хонийг ч бай түүнийг болон нялх төлийг нь нэг өдөр нядлах ёсгүй.
29 Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой.
30 Энэ нь тэр өдрөө идэгдэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч та нар үлдээх ёсгүй. Би бол ЭЗЭН.
31 Тийнхүү та нар Миний тушаалуудыг сахин, үйлд. Би бол ЭЗЭН.
32 Та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Харин Би Израилийн хөвгүүдийн дотор ариунд тооцогдох ёстой. Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд
33 та нарын Бурхан байхын тулд та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан. Би бол ЭЗЭН гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]