Левит [9]

1 Найм дахь өдөрт Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг, Израилийн ахмадуудыг дуудав.
2 Тэр Ааронд хэлсэн нь
-Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахилд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн.
3 Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. "Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг,
4 эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно".
5 Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов.
6 Мосе
-ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв.
7 Тэгээд Мосе Ааронд
-Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.
8 Тиймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрийнх нь төлөө байсан, нүглийн төлөөх тахилын тугалыг нядлав.
9 Аароны хөвгүүд цусыг нь түүнд авчирсанд, тэр цусанд хуруугаа дүрэн тахилын ширээний эврүүд дээр нялж, бусад цусыг тахилын ширээний суурь уруу асгав.
10 Дараа нь тэр нүглийн төлөөх тахилын өөх, бөөр, өнчин элгийг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатаан уугиулав.
11 Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.
12 Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.
13 Тэд шатаалт тахилыг хэсэглэн толгойнх нь хамт түүнд өгсөнд тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.
14 Тэр мөн гэдэс дотор болон мөчүүдийг угаагаад, тэдгээрийг шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиулав.
15 Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв.
16 Тэр мөн шатаалт тахилыг авчирч, түүнийг зарлигийн дагуу өргөв.
17 Дараа нь тэр өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирч, түүний хэсгээс нь өөрийн атгыг дүүргээд, түүнийгээ тахилын ширээн дээр шатаан уугиулав.
18 Тэгээд тэр ард олны төлөө байсан эвийн тахилын өргөл болох үхэр болон хуцыг нядалжээ. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгсөнд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.
19 Үхэр болон хуцын өөхний хэсгүүдийн хувьд гэвэл, сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг аван,
20 тэд эдгээр өөхний хэсгүүдийг өвчүүнүүд дээр тавьсан. Тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулжээ.
21 Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.
22 Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг хийснийхээ дараа доош буулаа.
23 Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөгц ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв.
24 Тэгэхэд ЭЗЭНий өмнөөс гал гарч ирэн, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагц, хашхиралдан нүүрээрээ унав.



[Өмнөх]                [Дараах]



Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]