Левит [26]

1 Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан.
2 Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.
3 Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл,
4 Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм.
5 Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно.
6 Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй.
7 Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж,
8 танай тав чинь зууг хөөж, танай зуу чинь арван мянгыг үлдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно.
9 Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно.
10 Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна.
11 Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.
12 Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно.
13 Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.
14 Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас,
15 хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл,
16 Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.
17 Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.
18 Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно.
19 Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.
20 Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.
21 Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно.
22 Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.
23 Хэрэв эдгээр зүйлээр ч та нар Над уруу эргэлгүй, харин Миний эсрэг дайсагнавал,
24 Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно.
25 Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно.
26 Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.
27 Гэсэн ч үүнийг үл харгалзан та нар Намайг дуулгавартай дагахгүй, харин Миний эсрэг дайсагнавал,
28 Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.
29 Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно.
30 Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.
31 Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.
32 Би нутгийг чинь зэлүүд болгох учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно.
33 Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.
34 Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно.
35 Эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд энэ нутаг нь, дээр нь та нарыг амьдарч байсан хугацаанд эдлээгүй амралтаа эдлэх болно.
36 Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно.
37 Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно.
38 Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно.
39 Та нараас үлдэгсэд нь дайснуудынхаа нутагт өөрсдийн хорон муугийнхаа улмаас ялзрах болно. Мөн тэд өвөг дээдсийнхээ хорон муугийн улмаас тэдэнтэйгээ хамт ялзрах болно.
40 Хэрэв тэд Миний эсрэг итгэмжгүй хандаж, Миний эсрэг дайсагнаж байсан өөрсдийн гэм бурууг, өвөг дээдсийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрвөл,
41 (Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм бурууг залруулбал,
42 тэгвэл Би Иаковтай байгуулсан гэрээгээ, бас Исаактай байгуулсан гэрээгээ, мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ санан, мөн Би энэ газрыг ч санах болно.
43 Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ.
44 Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан.
45 Харин тэдний Бурхан нь байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египетийн нутгаас гарган авчирсан, өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би бол ЭЗЭН" гэлээ.
46 Эдгээр нь Синаи ууланд Мосегээр дамжуулан ЭЗЭН Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд тогтоосон тогтоол, зарлигууд болон хуулиуд билээ.



[Өмнөх]                [Дараах]



Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]