1 Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.
2 Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм.
3 Соломон түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй.
4 Шебагийн хатан хаан Соломоны бүх мэдлэг ухааныг ойлгон, түүний барьсан гэрийг,
5 хааны хоолны ширээнд засаж тавьсан зоог, түшмэдийн сууж буй байдал, үйлчлэгчдийнх нь хэрхэн ажилладгийг, мөн тэдний өмссөн ёслолын хувцсыг, архи сөгнөн өргөх сөнч нарыг, ЭЗЭНий өргөө уруу хөтөлдөг шатыг нь хараад
6 тэрээр хаанд
-Таны үгс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон билээ. Сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ.
7 Гэсэн ч би ирж энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртлээ итгээгүй байлаа. Гэтэл миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ.
8 Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!
9 Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.
10 Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ.
11 Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.
12 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн тулгууруудыг хийхэд ашиглаж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Иймэрхүү улаан модыг хэн нэгэн хүн дахин авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.
13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа.
14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.
15 Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.
16 Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.
17 Тэрээр бас алт давтаж гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван мина алт орсон юм. Хаан эдгээр бамбайнуудыг Ливаны ойн гэртээ тавин хадгалав.
18 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.
19 Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм.
20 Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ.
21 Соломон хааны бүх жүнз хундаганууд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд цэвэр алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө ямар ч үнэ цэнэгүй байсан учир мөнгөн эдлэл түүнд байсангүй.
22 Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ.
23 Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа газрын бүх хаадаас үлэмж аугаа болжээ.
24 Тиймээс Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.
25 Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.
26 Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.
27 Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.
28 Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв.
29 Соломон Египетээс тэрэгнүүдийг зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ хитчүүдийн бүх хаад ба арамейчуудын хаадад зардаг байжээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]