Хаадын Дээд [8]

1 Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгийн удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав.
2 Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав.
3 Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав.
4 Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.
5 Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө.
6 Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.
7 Херубууд далавчаа авдран дээгүүр дэлгэж, авдар болон дамнуургуудыг дээрээс нь халхалж байв.
8 Харин дамнуургууд нь урт учир тэдгээрийн үзүүрүүд нь дотоод ариун газрын наана байх ариун газраас харагдаж байлаа. Гэвч ариун газрын гаднаас тэдгээр нь харагдахааргүй байв. Тэдгээр дамнуургууд энэ өдрийг хүртэл тэндээ бий.
9 Хоребт байхдаа Мосе тийшээ хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор байхгүй байв. Хореб бол Израилийн хөвгүүд Египет газраас гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар юм.
10 Тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.
11 ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.
12 Тэгэхэд Соломон
-ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино.
13 Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар,
сүрлэг өргөөг Танд барьж босголоо
14 Үүний дараа хаан эргэн харж, тэднийг зогсож байх зуур нь Израилийн бүх чуулганыг ерөөлөө.
15 Тэрээр
-Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа
16 "Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ" хэмээсэн юм.
17 Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барих гэсэн санаа миний эцэг Давидын зүрхэнд байсан.
18 Харин ЭЗЭН миний эцэг Давидад "Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна.
19 Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамаас төрсөн чиний хүү Миний нэрд зориулж өргөө барих болно" гэсэн билээ.
20 ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо.
21 ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ.
22 Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж,
23 -Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ.
24 Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.
25 Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад "Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно" гэж амласнаа сахина уу.
26 Тиймээс одоо Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн боол, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч гэж би залбирч байна.
27 Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!
28 Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг анхааран, өнөөдөр боол тань Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсооч.
29 Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны "Миний нэр тэнд байх болно" гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай.
30 Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.
31 Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал,
32 Та тэнгэрээс сонсон үйлдээч. Боолуудаа шүүж, хар санаатны арга замыг өөрийнх нь толгой дээр буулгаж, зөв шударга хүнд зөвийнх нь дагуу өгснөөрөө зөвтгөн болгооно уу.
33 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал,
34 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй.
35 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,
36 Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.
37 Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,
38 хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг
39 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.
40 Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран суух бүх хугацаанд тэд Танаас эмээх болно.
41 Түүнчлэн бас Таны ард түмэн Израильд үл харьяалагдах хүн буюу Таны нэрийн төлөө хол газраас ирсэн харь хүн ч гэсэн
42 (Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал
43 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээн, Миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг тэдэнд мэдүүлэхийн тулд юм.
44 Таны ард түмэн дайсантай тулалдах гэж явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний барьж босгосон дуган уруу хандан ЭЗЭНд тэд залбирах үед,
45 тэдний гуйлт хүсэлтийг нь Та тэнгэрээс сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.
46 Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед,
47 олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, "Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ" гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,
48 мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,
49 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа тэдний залбирал гуйлтыг сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.
50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй.
51 (Учир нь тэд бол Таны ард түмэн ба Египет буюу төмөр хайлуулдаг зуухны дотроос Таны гаргаж авсан өв тань билээ).
52 Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож, боолынхоо ба ард түмэн Израилийнхаа гуйлт бүхэнд Таны мэлмий тусах болно.
53 Та өвөг дээдсийг минь Египетээс удирдан гаргахдаа Өөрийн боол Мосегээр дамжуулан хэлсэнчлэн израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ, Эзэн БУРХАН минь хэмээн залбирав.
54 Соломон уг залбирал гуйлтыг ЭЗЭНд залбирсныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд өргөөстэй босов.
55 Тэрээр зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн,
56 -Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн боол Мосегээр дамжуулан Түүний амласан бүх сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй.
57 Бидний Бурхан ЭЗЭН өвөг дээдэстэй минь хамт байсан шигээ бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг орхихгүй, мартахгүй байх болтугай.
58 Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, өвөг дээдэст минь тушаасан тушаал, зарлиг, тогтоолуудыг нь сахин мөрдүүлэхийн тулд бидний зүрх сэтгэлийг Өөрийнхөө зүг хандуулах болтугай.
59 ЭЗЭНий өмнө хүссэн гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр өдөр бүрийн хэрэгцээний дагуу Түүний боол ба Түүний ард түмэн болох Израильд тэрээр тусалж өгөх болтугай.
60 Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай.
61 Тийм учраас өнөөдөр байгаа шиг нийлж, Түүний тушаалуудыг сахин, Түүний зарлиг дотор явахын тулд та нарын зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.
62 Тэгээд хаан болон түүнтэй хамт байсан бүх Израиль ЭЗЭНий өмнө өргөл өргөв.
63 Соломон ЭЗЭНд зориулан эвийн тахилын өргөлд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Хаан ба Израилийн бүх хөвгүүд ЭЗЭНий өргөөг ЭЗЭНд зориулсан юм.
64 Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа.
65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив.
66 Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа.



[Өмнөх]                [Дараах]


Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]