1 Израилийн хөвгүүд Египетийн газраас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн хоёрдугаар сард буюу Зив сард Соломон ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.
2 Соломон хааны ЭЗЭНд зориулан барьсан өргөө нь жаран тохой урт, хорин тохой өргөн, гучин тохой өндөр байлаа.
3 Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ.
4 Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв.
5 Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов.
6 Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв.
7 Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх эсвэл сүх эсвэл ямар ч төмөр багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм.
8 Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа.
9 Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв.
10 Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа.
11 ЭЗЭНий үг Соломонд ирж,
12 -Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно.
13 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.
14 Соломон өргөөг барьж дуусгалаа.
15 Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв.
16 Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов.
17 Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв.
18 Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ.
19 ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ.
20 Дотоод ариун газрын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд Соломон түүнийг шижир алтаар доторлов. Мөн тахилын ширээг ч хушаар бүржээ.
21 Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ.
22 Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.
23 Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ.
24 Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв.
25 Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Эдгээр херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэйгээр хийгджээ.
26 Херуб тус бүр арван тохой өндөр байлаа.
27 Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа.
28 Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа.
29 Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.
30 Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв.
31 Дотоод ариун газар уруу нэвтрэх үүдэнд чидун модоор хаалгануудыг, холбоосуудыг нь болон таван талт хүрээг хийв.
32 Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа.
33 Ийнхүү гол танхимын үүдэнд тэрээр дөрвөн талт хүрээг чидун модоор хийжээ.
34 Хоёр хаалгыг нь агар модоор хийв. Хаалга тус бүр нь эвхэгддэг хос хавтаснаас бүтэж байлаа.
35 Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа.
36 Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ.
37 Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ.
38 Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]