1 Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар жилд, Абиам Иудагийн хаан болжээ.
2 Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв.
3 Абиам эцгийнхээ урьд нь үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл түүний эцэг Давидын зүрх сэтгэл шиг ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй байжээ.
4 Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.
5 Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.
6 Түүний амьдралын бүх өдрүүдийн турш Иеробоам, Рехобоам нар хоорондоо дайсагналцаж байлаа.
7 Абиамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа.
8 Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.
9 Израилийн хаан Иеробоамын хорьдугаар жилд Аса Иудагийн хаан болж захирч эхэллээ.
10 Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа.
11 Аса өөрийн эцэг өвөг Давидын адил ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв.
12 Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв.
13 Тэр бас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав.
14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.
15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив.
16 Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв.
17 Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.
18 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн,
19 "Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач" гэж уламжлуулав.
20 Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.
21 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв.
22 Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.
23 Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов.
24 Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагджээ. Түүний хүү Иехошафат түүний оронд хаанчлав.
25 Иудагийн хаан Асагийн хоёрдугаар жилд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав.
26 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ.
27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав.
28 Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан боллоо.
29 Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол шилон хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.
30 Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.
31 Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү?
32 Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.
33 Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав.
34 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]